Башлуу овогт Дилов хутагт Жамсранжавын чандар буюу лагшин биеийн адистид Их шүтээнийг залах хүндэтгэлийн үйл ажиллагаа 2016 оны 12 дугаар сарын 09 ний өдөр Улиастай сумын Төгс буянт жавхлант хийд дээр болно.
Хутагт өөрийн намтраа дэлгэрэнгүй бичиж үлдээсэн байдаг бөгөөд тэрээр эцэг Башлуугийн 67, эх Гимбээгийнхээ 48 насан дээр одоогийн Завхан аймгийн Түдэвтэй сумын нутаг Ойгон нуурын хөвөө Баян-айраг уулын өвөрт мэндэлжээ. Түүнийг 5 настай байхад нь Диловын тавдугаар хойд дүрээр тодруулж, Шилүүстэй сумын Нарованчин хийдэд залсан байна. Дилов хутагт эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Монгол зоныхоо сайн сайхан амьдралын төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн эх оронч, улс төрийн зүтгэлтэн байжээ. Тэрээр 1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагчдын нэг бөгөөд 1960 онд Монгол улсыг НҮБ-д элсэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. “Монгол улс тусгаар тогтносон улс гүрний адил НҮБ-д бие даасан гишүүн байж болно “ хэмээн Чан Кайшигээр хүлээн зөвшөөрүүлж чадсан гавьяатай.
НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы хуралдааны танхимын арын эгнээнд нэгэн хижээл монгол эр уйлж суусан нь мөнөөхөн Дилов хутагт бөлгөө
Дилов хутагт 1965 оны дөрөвдүгээр сарын 7-нд алс холын Нью-Йорк хотноо бурханы хутгийг олжээ.Түүнийг тэнгэрт халихад хойдын буяны номыг 14 дүгээр Далай лам уншиж байв. Хутагт Лхаст гурван жил болохдоо Далай ламын гэрийн багш байж. Багшийн ачийг ийн санах нь хүмүүний ёсон билээ. “Чандрын нэг хэсгийг буддын ариун дагшин орон Энэтхэгт цацаж, НӨГӨӨГ НЬ ТӨРСӨН ЭХ ОРОН МОНГОЛД НЬ ХҮРГЭХ АЯТАЙ ЦАГИЙГ ХҮЛЭЭВ. ГЭЖ ТҮҮХЭНД ӨГҮҮЛСЭН БАЙДАГ АЖГУУ . Тэрхүү аятай цаг ийнхүү иржээ .